2011-05-01
Чингис хааны супер ген /үргэжлэл/

5.Чингисийн геополтик

 

Их хаан Чингис орчин үеийн геополитикийн үндсийг тавьсан хүн мөн. Эрдэмтэн Г.И.Варнадский “Монголын их эзэнт улс бол ердийн аль нэгэн мужийн улс бус харин дэлхий дахины эзэнт гүрэн байсан юм” гэж бичиж байжээ. Харин Эренджен Хара Даван “Русь Монгольская” номондоо “Чингис хаан бүхий л амьдралаа Ертөнцийн нэгдсэн улс байгуулах гэсэн  эрхэм дээд чин хүслээ хэрэгжүүлэхэд чиглүүлсэн юм. Энэ нь XIII-XIV зууны Монголчуудын цэргийн соёлын дээд хүслэн байсан" хэмээн бичсэн байна. Энэхүү тэмүүлэл нь дэлхий ертөнцийг даяарчлахын төлөөх Чингисийн бүхий л тэмцэл ялалтын үндсийн үндэс болсон байна. Тэр үед дэлхийн төв буюу Монголын империйн төв рүү эх газрын өнцөг булан бүрээс төр улс, худалдаа наймааны янз бүрийн ажлаар хүмүүс байнга цуврах болж Монголын Хархорум хот дэлхийн нийслэл болжээ.   

Монголчуудын хүрсэн хил нь Европ тивд: Адриатын тэнгис, Төв Европ, Польш, Оросын хойд нутаг, Хойд Двина гол, Уралын дунд хэсэг;
Ази тивд: Сибирийн өмнөд хэсэг, Япон тэнгисийн эрэг, Солонгосын хойг, Зүүн ба зүүн өмнөд Азийн эрэг, Ганга мөрний адаг, Бенгалийн булан, Энэтхэгийн хойгийн урд хэсэг, Газрын Дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Азийн хойг, Хар тэнгисийн эрэг, Крымийн хойгийн урд хэсэг, Днепр мөрний адаг хүрч байв. Өөрөөр хэлбэл Ази тивийн хойд хэсэг, Арабын хойг, зүүн ба зүүн өмнөд тэнгис дэх арлуудаас бусад Азийн бүх нутаг, Төв ба Дорнод Европ тэр аяараа хамрагдсан байлаа. Францын түүхч Фернан Гзенар “Чингис хааны байлдан дагуулал нь Хятадыг нэгтгэж Оросыг байгуулсан юм” гэж хэлсэн нь интеграцчлагдсан эзэнт гүрний мөн чанарыг тодорхойлжээ. Нэрт түүхч Рене Грусса “Аугаа ихээр ноёрхох үндэстэн, тэргүүлэх ард түмэн тийм олон биш. Тэдгээрт Ромчуудаас гадна Монголчуудг харъяалагдаж болно” гэж бичсэн байдаг.

Их хаан хөвгүүддээ: “Аливаа үйл хэргийн амин сүнс нь уг хэрэг эцгээс төгсгөлдөө хүрч бүрэн гүйцсэн байхад оршино гэдгийг хэзээ ч бүү март” хэмээн захисан байдаг ажээ.

 

6. Алтан ордны Зүчийн өргөө

 “За үнэхээр хүссэн хүн Зүчитэй нийлэгтүн!” (Чингис хаан)

Нэгдсэн Оросыг байгуулж түүнтэй 240 гаруй жил зэрэгцэн оршсон соёл түүхийн хувьд нэн холбоотой Алтан Ордны улсыг үүсгэн байгуулагч нэрт жанжин Зүчи нь 1179 онд мэндэлжээ.

1225 онд Чингис хаан Зүчид Эрчис мөрнөөс Уралын нуруу хүртэлх, түүнээс баруун тийш орших уудам их нутгийг соёрхон олгосон нь Алтан ордны улс, Зүчийн улс гэж түүхэнд тэмдэглэгджээ. Ийнхүү тэрээр хаан эцгээсээ "Монгол морины туурай хүрэх өрнөд нутгийг мэдэж явах" зарлиг сонсон үүрэг хүлээж ус бэлчээр сайтай, ан амьтан элбэгтэй 2 сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг усыг эзэмшиж явсан түүхтэй.  
Тэрээр 1227 оны өвөл хаврын зааг дээр одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад учир битүүлгээр нас барсан байна.
Зүчийн хүү Бат нь төр засаг, ардыг арчлах эрдэмд боловсорсон Монголын төрийн томоохон зүтгэлтэн байв. Бат эцгийнхээ үндэслэсэн Алтан Ордны улсын хил хязгаарыг өргөтгөж түүний 200 гаруй жил мандан бадрах эх суурийг тавьсан юм.
Бат, Оросын вангуудыг Алтан Ордны улсын Вассал хараат улс
(Энэ нь нэг улс өөр нэг улсын харъяалалд байх тухай ойлголт. Угтаа Вассал гэдэг нь улс биш, харин тухайн улсын удирдагч ажээ. Вассал нь харъяалагдаж буй улстаа шаардлагатай үед нь цэргийн туслалцаа үзүүлэх гол үүрэгтэй) болгож, татварын системийг шинэр тогтоож их татвар төлдөг болгов.
Монголын геополитикийг бүрэлдэн тогтоход Бат шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Монголын Империйн баруун хязгаарыг Төв Европ хүргэсэн билээ.

 

7. Цагаадай ба түүний залгамжлагчид

 "Засаг, ёс, хууль, бичиг сайн мэдэхийг хүссэн хүн Цагаадайд очигтун!” (Чингис хаан)

   

Хожим Баруун Ази дахь Түрэг, Монголын гүрэн, мөн Энэтхэг дэх Их Могулын уг сурвалж болсон Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэгч, эрдэм номт, догшин Цагаадай нь Чингис хааны 2 дахь хүү болон 1183 оны харагчин туулай жилд төржээ. Цагаадай нь Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэсэн юм. Дайны үед олон тооны усан онгоц ба хүнд даацын гүүр хийлгэж явсан тэрээр Монголын инженерийн цэргийн анхны жанжин байв.

 

Цагаадайн залгамжлагчдын нэг түүний цэргийн удирдагч Төмөр Монголын геополитикийг Энэтхэг, Бага Азийн хойг, Араб дахинд тэлсэн. Тэрээр 1368 онд Монголын Их Юан улс мөхсөнөөс хойш нэг жилийн дараа 1369 онд Самаркандад хаан ширээнд сууж Доголон Төмөр хэмээн түүхэнд алдаршсан бөгөөд 1369 оноос хойш Баруун зүгт Афганистан, Перс /одоогийн Иран/, Бага Азийн Туркд цохилт өгч өмнө зүгт Энэтхэг рүү довтолж байжээ. Доголон Төмөр хаан Хятадыг байлдан дагуулж нөлөөгөө тогтоохоосоо өмнөхөн 1406 онд хумхаа өвчнөөр нас барсан байна. Түүний булш бунхан Дундад Азийн нутаг дэвсгэрт байсныг археологчид илрүүлсэн ба бунхан дээр нь "Үүнийг хөндөж болохгүй. Хөндвөл хааны догшин сүнс амилж далай мэт их цус асгарна" хэмээн бичсэн байсан боловч бунханыг нээсэн тэр өдөр 1941.06.22-нд фашистууд Орос орон руу довтолсон байдаг. 1943 оны зун Оросын удирдагч Сталин Төмөр хааны шарилыг дахин оршуулахад сая рубль зарцуулах шийдвэр гаргаж байсан ба түүнээс хойш фронтын нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

 

Доголон Төмөр хааныг нас барснаас хойш 120 жилийн дараа түүний эх талын цусан төрөл Бабар Делийн Султаныг ялж Энэтхэгт хүчирхэг Монгол улсыг байгуулсан ба түүхэнд Их Могулын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн. Могул нь Перс үг бөгөөд Мугхул буюу Монгол гэсэн утгатай үг ажээ. Бабар 1526 онд Могул улсыг үндэслэн байгуулж, түүний ач хүү Акбар эзэнт улсын засаг захиргааны бүтэц, эх суурийг тавьсан байна.

 

Акбар 1556 огоос 1605 он хүртэл Умард ба Төв Энэтхэг, Афганистаныг захирч байсан. Акбарын хүү Жахангир 1605- 1627 он хүртэл улсыг удирдаж байсан бөгөөд энэ үеийг Могулын цэцэглэлтийн үе гэдэг. Жахангар нь уран барилгыг хөгжүүлж байсны дотор өөрийн эхнэртээ зориулсан бунхан болох алдарт Таж Махалыг 1639-1648 онд бүтээсэн байна.

 

8. Өгөөдэйн Түмэн Амгалан орд өргөө

“Уужим өгөөмөр сэтгэлтэй байх, эд баялаг хүссэн хүн Өгөөдэйд ойр байхтун!” (Чингис хаан)

 

Монголын эзэнт гүрний нутагт дэвсгэрт дэлхийн анхны GATT тогтолцоог бий болгож, Алтан улсыг эзэлж Европ тивд нутаг орноо ихээхэн тэлсэн. Өршөөл ихт хаан Өгөөдэй нь 1186 онд мэндэлжээ. Тэрээр 1229-1241 онд хаан ширээнд 13 жил суухдаа улс орноо эзэнт гүрний хэмжээнд хөгжүүлж, төр засаг, эдийн засаг, соёлын олон шинэтгэлийг хийсэн байна. Үүнд:

1.      Алтан улсыг эзэлсэн.

2.      Улс хоорондын элчин харилцааг өргөтгөж өртөө зам байгуулав.

3.      Усгүй газар худаг ус малтуулж улс иргэний ус бэлчээрийн хүрэлцээг хангав.

4.      Эзлэгдсэн орнуудаас эрдэмтэд шалгаруулж шинэ хот байгуулан, Алтан ургийн түүхийг бичүүлж дуусгасан. /Нууц товчоог 1240 он/ Өгөөдэй хаан 1248 оны 4-р сард насан эцэслэж түүний шарилыг Дорнод Туркестаны нутагт хөдөөлүүлсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг.

Өгөөдэй хааны дараа түүний хүү Гүюг хаан ширээнд суужээ. Эртний Монголчуудын дипломат харилцааны соёлын үнэт дурсгалуудаас Гүюг хааны Ромын папд бичсэн захидал хосгүй дурсгалд тооцогддог ба энэхүү захидал нь Их Монгол улсын хааны тамганы дардасыг хадгалж үлдсэн юм. Энэхүү захидлын эх нь одоо Ватиканы архивт хадгалагдаж байдаг.

 

9.Тулуй сэцэний өргөө

"Эр зориг, алдар нэр, эрэлхэг баатарлаг байх, улс гүрнийг байлдан дагуулах дуртай хүн Тулуйг дагагтун!” (Чингис хаан)

 

Их Монгол улсын хаан Мөнх, их Юаны хаан Хубилай болон Иранд 100 гаруй жил ноёрхсон Илханатын улсыг үндэслэгч Хулагу нарын эцэг, эр зоригт, Чингисийн отгон хүү Тулуй сэцэн 1193 онд төржээ.
Тулуй 1211 оноос хаан эцгээ дагаж Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд, Тангудыг эзлэх дайнд оролцож, 1219 онд Чингис хааны Хорезмын Шах Мухамедийн эсрэг дайнд цэргийн гол х
үчийг захирч явсан байна.
Чингис хаан газар нутгаа хуваахдаа Монгол уламжлалаа хадгалан Тулуйг голомт сахигч отгон х
үү хэмээн "Их ноён" гэж хүндэтгэн түүнд Онон мөрний эх Хархорум орчмын нутгийг соёрхон өгч "Голын улс" нэж нэрлэх болжээ. Тулуй Үндэсний эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, Монгол туургатны эв нэгдлийг эрхэмлэдэг, ноён нуруутай, холч ухаантай төрийн зүтгэлтэн байв. 1231 онд Өгөөдэй хаан Хятадыг дайлж буцах замдаа гэнэт өвдөж бөө төлөгчдөөс асуухад ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэжээ.  Тулуй "Хаан ах муужирваас олон Монгол улс өнчирч Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё" гэж хэлсэнд бөө нар бөөлөн залбирч адисласан усыг Тулуйд уулгаснаар хоёр, гурван өдрийн дараа Тулуй зам зуураа  Алаг дэрс гэдэг газар нас барсан тухай Нууц товчоонд тэмдэглэгджээ.

 

1995 оны 12-р сарын 11-ний өдрийн дугаартаа "Вашингтон Пост" сонин аргын тооллын 1101-2000 он хүртэл түүхэн хүмүүс дотроос хамгийн алдартай хүнээр Чингис хааныг тодруулсан үндэслэлийг : " ... өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан бөгөөд Чингис болон түүний залгамжлагчид Европ Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны бүс бүрэлдүүлж, дорно өрнийн соёл иргэншлийн холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны GATT-н (GATT- General Agreement on Tariffs & Trade нь олон улсын худалдааг чөлөөтэй болгох зорилготой гэрээ байсан бөгөөд 1993 онд Дэлхийн Худалдааны Байгууллага бий болсноор дуусгавар болсон) тогтолцоо байсан гэж хэлж болно. .. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулжээ" хэмээн тодорхойлсон нь Чингис хаанд хүн төрөлхтөний өгсөн хамгийн том үнэлэлт болсон юм.

 

Богд Чингисийн байгуулсан эх газрын Монголын эзэнт гүрэнд орчин үеийн интеграцлагдаж, глобальчлагдаж буй дэлхий ертөнцийн хэд хэдэн түгээмэл элементүүд нэгэн адил оршиж байв. Үүнд:

1.    Орчин үеийн интеграцчлагдсан, нэгдмэл дэлхий ертөнцийн ерөнхий төсөөллийг оюун санааны төвшинд боловсруулж, практикт хэрэгжүүлсэн анхны хүн бол Чингис хаан мөн.

2.    Европ Азийн өргөн уудам нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн Чингис хааны аян дайн ба улс төрийн бодлого нь орчин үеийн геополитикийн үндэс болсон юм.

3.   Чингис хаан орчин үеийн менежмент  түүний дотор глобаль менежмент ба даяарчлал, төрийн удирдлага болон хүний нөөцийн менежментийн салбарын эхлэлүүдийг тавьсан.

4.   Их гүрэнд багтаж буй улсууд нь олон янзын шашин түмэн хэлтнээс тогтож байсан боловч эв найрамдалтай амьдарч ертөнцийн урлаг, соёл, шинжлэх ухааныг цэцэгжүүлж болохыг харуулжээ.

5.   Монголчууд их гүрэнд багтаж буй улсуудын хэрэгт үл оролцож, харин эзэнт гүрнийхээ хүч чадлыг мандуулах болон татварын шинэ бодлогоор удирдахад ихээхэн уян хатан хандаж байв.

6.    Мянга орчим жил үргэлжилсэн Монголын их гүрний  оюун санааны ертөнцийг нэгэн ер бусын механизм туйлын оновчтой зохицуулж ирсэн байна.

7.    Алтан орд зэрэг зарим улсын түүхээс үзэхэд орчин үед үй олны сэтгэцэд хортойгоор нөлөөлөх үйлчлэлээс хүн төрөлхтөнийг хамгаалах, уураг тархины дотоод хэмнэлийг алдагдуулах, хортой рефлексийн үйлчлэлээс сэргийлэхэд хамтын чармайлтыг бэхжүүлэх нь чухал байжээ.

 

 

 

Сэтгэгдэл: