2011-03-06
Бага хаадууд

Бага хаад

1368 оны их үймээнээр Тогоон төмөр хаан хятадаас буцан Монгол нутагт ирснээр Монголын Их эзэнт Юань гүрэн мөхсөн бөгөөд Юань гүрний эзэн хаан Тогоон төмөрөөс дараах үеийн хаадын удмыг түүхийн эх сурвалжнаа Бага Хаад хэмээн тэмдэглэжээ

Аюурширдар / Билэгт /хаан   / Bilegt Ayushridar Khan /

Тогоон төмөр хааны ахмад хөвүүн Аюурширдар 1338 оны шар барс жил мэндэлжээ. Эргэн буцсан Монголчууд уугуул нутагтаа хуучин нийслэл Хар хорум хотноо улс төрийн төв хийж 1370 оны цагаан нохой жил удам залган хаан ширээнээ Аюурширдар заларчээ. Аюурширдар хаанчлалын цагт Хятадын Мин улсын эсрэг амжилттай тэмцэсэн бөгөөд 1378 оны шар морин жил тэнгэрт хальжээ.

Төгстөмөр хаан  / Togstumur Usgal Khan /

Аюушидар хааны дүү Төгстөмөр 1342  оны  хар морин жил мэндэлжээ. 1378 оны шар морин жил хаан ширээнд суув. Тэрээр Хятадын Мин улсын түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэгч байсан бөгөөд түүний хаанчлалын үед Мин улсын цэрэг Монголын нийслэл Хар хорум хотыг галдсан байна. Төгстөмөр хаан Мин улсын эсрэг дахин тэмцэхээр дорно зүгт хүч төвлөрүүлж явахдаа 1388 оны шар  луу жил урвагч  этгээдийн гарт  хорлогдон  бие баржээ.

Энхзоригт хаан / Enkh Zorigt Khan /

Төгстөмөр хааны ахмад хөвүүн тэрбээр 1359 оны шарагчин гахай жил төрсөн. 1389 оны шарагчин могой жил хаан ширээнд суужээ. Төгстөмөр хаанчлалын үедээ Монголын эдийн засаг, аж ахуй өөд татах нүсэр ажлыг гардан гүйцэлдүүлсэн байна. 1392 оны хар бичин жил таалал төгсжээ.

Элбэг нигүүлсэгч хаан   / Elbeg Niguulsegch Khan /

Энхзоригт хааны хүү тэрбээр 1361 оны цагаагчин үхэр жил төржээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ширээнд суун 1399 оны  шарагчин  туулай жил дор насан эцэслэжээ.

Гүнтөмөр хаан / Guntumur Khan /

Элбэг нигүүсэлэгч хааны  их хөвгүүн Гүнтөмөр 1377 оны улаагчин могой жил төрсөн бөгөөд 1400 оны цагаан луу жил хаан ширээнд өргөмжлөгджээ. Түүний эцгийн хаанчлалын үеэс эхэлсэн  баруун монголын ойрд ба зүүн монголын бутрал Гүнтөмөр хааны цагт улам бүр гүнзгийрэв. Тэрбээр 1402 оны хар морин жил насан өөд болов.

Үгч хашха хаан  / Ugch Hashha Khan /

Тэрбээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан аваад 1408 оны хар хулгана жил бусдад алагджээ.

Өлзийтөмөр хаан  / Ulzitumur Khan /

Гүнтөмөрийн хааны дүү Өлзий төмөр 1378 оны шар морин жил төржээ. 1408 оны шар хулгана жил хаан ширээнд суусан бөгөөд Мин улсын эсрэг тэмцэлд бүх насаа зориулсан байна. Өлзий төмөр хаан 1411 онд бусдад алагджээ.

Дэлбэг хаан  / Delbeg Khan /

Өлзий төмөрийн хааны хүү 1395 оны хөхөгчин гахай жил төрсөн тэрбээр 1411 оны шар хулгана жил хаан ширээнд суун 1415 оны цагаан туулай жил дор насан өөд болжээ.

Адай хаан / Adai Khan /

Хархуцагийн хөвүүн 1400 оны цагаан луу жилд төрсөн. 1426 оны улаан морин жил хаан ширээнд суужээ. 1438 оны шар морин жил Ойрдын тогоон тайшид алагджээ.

Тайсун хаан / Тогтохбух/ / Taisan Khan / Togtoha Buh /

Адай хааны их хөвүүн Тогтох бух 1422 оны хар барс жил дор төрсөн бөгөөд 1439 оны шаргачин хонин жил хаан ширээнд сууж 1452 оны хар бичин жил бусдад хорлогджээ.

Агваржин/ Жонон / хаан / Agvarjin Jonon Khan /

Тайсун хааны дүү тэрбээр 1423 оны харагчин туулай жил төрсөн 1452 оны хар бичин жил дор хаан ширээнд суугад мөн ондоо бусдад алагджээ.

Эсэн тайш хаан / Esentaish Khan /

Тайсун хааны сайд байсан Ойрдын Тогоон тайшийн хүү Эсэн тайш 1407 оны улаагчин гахай жил төржээ. Тэрбээр XV зууны дундуур Ойрд монголыг нэгтгэн 1452 оны хар бичин жил бүх Монголын хаан болжээ. Тэрбээр Мин улстай хамгийн чадварлаг тэмцсэн цэргийн их жанжин билээ. Тэрбээр Алтан ургийн удам биш учир язгууртнууд түлхэн унагаажээ. 1455 оны хөхөгчин гахай жил бусдад алагджээ.

Меркус үхэгт хаан  / Markus Uhegt Khan /

Тайсун хааны удаах хөвүүн Мэркус 1446 оны  улаан барс жил мэндэлжээ. Эсэн хаан бослого гаргагчдад алагдан Мэркус 1455 оны хөхөгчин гахай жил дор хаан ширээнд сууж 1456 оны улаан хулгана жил бусдад алагджээ.

Молон хаан / Molon Khan /

Мэркус хааны дүү Молон 1437 оны улаагчин могой жил төржээ. Тэр 1456 оны улаан хулгана жил хаан ширээнд суун 1462 оны хар морин жил бусдад алагджээ. Энэ цагт  Алтан ордны улс задран унав.

Мандуул хаан / Manduul Khan /

Адай хааны удаах хөвүүн Мандуул 1426 оны улаан морин жил бие олжээ. Мандуул 1463 оны харагчин хонин жил хаан ширээнд суув. Гэвч бүх Монголыг эзэмдэж чадалгүй яваад 1467 оны улаагчин гахай жил насан бие баржээ. Энэ явдлын араас Мандуул хааны бага хатан Мандухай зүүн баруун монгол түмнийг нэгэн гарт зангидан Монгол орны нэгдмэл байдлыг сэргээх их үйлст сэтгэл шулуудан, гайхамшигтай хэргийг эхлүүлсэн түүхтэй.

Батмөнх даян хаан  / Batmunkh Dayan Khan /

Батмөнх бол Чингисийн шууд угсааны хүмүүн билээ. Тэрбээр Мандуул хааны дүү Баянмөнхийн хөвүүн бөгөөд 1464 оны хөх бичин жил хорвоод мэндэлжээ. Мандуул хааны бага хатан Мандухай 1470 оны цагаан барс жил түүнийг 7-н настайд хаан ширээнд суулган Даяар эзлэх болтугай хэмээн Даян цол хайрлажээ. Батмөнх даян хаан  түүхэнд хамгийн он удаан хаан ширээнд суусан бөгөөд тэр хугацаанд Монголыг нэгтгэх хэрэгт их үүлсийг гүйцэтгэв. 1517 оны улаагчин  үхэр жил тэнгэрт хальжээ.

Барсболд сайн алаг хаан  / Barsbold Jonon Khan /

Батмөнх даян хааны удаах хөвүүн түүхэнд сайн алаг хэмээн нэрийдсэн тэрбээр 1488 оны шар бичин жил мэндэлжээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан ширээнд суусан бөгөөд түүний хаанчлалын цагт хямрал дахин эхлэв. 1519 оны шарагчин  туулай жил насан өөд болжээ.

Бодьалаг хаан  / Bodialag Khan /

Батмөнхийн хөвгүүн Төрболдын ууган хөвүүн тэрбээр 1505 оны хөхөгчин үхэр жил төржээ. 1520 оны цагаан луу жил хаан ширээг залгамжлан суув. Түүний үед дотоодын хямрал дахин гаарчээ. 1547оны улаагчин хонин жил  насан өөд болов.

Дарайсүн гүдэн хаан  /Daraisan Guden Khan /

Бодь алаг хааны ахмад хөвүүн тэрбээр 1520 оны цагаан луу жил төржээ. Түүний талаар /Лу алтан товч/-д ийн өгүүлсэн нь:  …Энэ хааны үед төр улс төвшдөж зургаан их улс  /зургаан түмэн  нэгдэж / Энхжин  жаргуулав/ гэжээ. Дарайсүн 1548 оны шар бичин жил хаан ширээнд сууж 1557 оны улаагчин  могой  жил дор насан өөд болжээ.

Түмэн засагт хаан / Tumen Zasagt Khan /

Дарайсүн хааны отгон хөвүүн 1539 оны шаргачин гахай жил төржээ. 1558 оны шар морин жил хаан  ширээнд суусан. Түүний хаанчлалын цагт монголын түмний эв нэгдэл  дахин нэгэн удаа сэргэв. Түмэн засагт хаан шинэ засаг цаазыг зохион явуулсан тул түүхэнд алдаршжээ. Тэр 1592 оны хар луу жил насан өөд болжээ.

Буян цэцэн хаан / Buyancecen Khan /

Түмэн засагт хааны их хөвүүн. 1555 оны харагчин могой жил хаан ширээнд суужээ. Түүний хаанчлалын цагт шашин төрөөр хослон улс түмнийг энхжүүлсэн хэмээн үздэг бөгөөд 1603 оны харагчин туулай жил өөд болжээ.

Лигдэн хутагт хаан / Ligden Hutagt Khan /

Буян цэцэн хааны хөвүүн тэрбээр 1592 оны хар луу жил мэндэлжээ. 1604 оны харагчин туулай жил дор хаан ширээнд суусан бөгөөд Лигдэн хутагтын хаанчлалын цагт Монгол оронд шарын шашин ихэд дэлгэрч буддын зарим ном судрыг Монгол хэлнээ орчуулан тавьсан нь гэгээрэл, соёлд ихэд нөлөөг үзүүлсний зэрэгцээ тэрбээр Манж Дай Чин гүрний түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэж, Монгол түмнийг нэгтгэхийг зорьж байсан билээ. Лигдэн хутагт хаан 1634 оны хөх нохой жил насан өөд болжээ. Тэрээр Чингисийн  удмын сүүлчийн их хаан байжээ.

 


Сэтгэгдэл: