Чингис хаан түүний залгамжлагч гурван их хаан Өгөөдэй (1229-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) нар “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь, хол хэмээн бүү шантар, явбаас хүр юү, Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэдэг Чингисийн билэг сургаалийн дагуу хүнд хүчир их аян дайнууд хийж Солонгосоос Адриатын тэнгис Альпийн нуруу хүртэлх өргөн уудам нутагт Монголчууд ноёрхож эхэлжээ.
Нүүдэлчдийн байлдан дагуулалтаар бүрэлдсэн энэ их нутагт дэлхийн хэмжээний “Эмх цэгц” PAX MONGOLIСA-г тогтоосон боловч түүнийгээ яаж сахин хадгалах, харь соёл иргэншилд хэрхэн хандах, өөрсдөөсөө өндөр соёл иргэншилтэй улс гүрэн, угсаатан үндэстнийг нэгэн дор захирах гэх мэт шинэ шинэ олон асуудлууд тэдний өмнө тулгарсан юм. Дайны хөлд өсөж хүмүүжин хатуужсан, өвгөдийн сургаалиа хууль цааз мэт санадаг хан хөвгүүд өөд болж эрх ямбатай залуу танхи хан хөвүүд Их гүрний удирдлагад гарч тэдний эцгүүдийнх нь зөрчил залуу хан хөвгүүдэд үгдэрч зөрчил нь сэдэрлээ. Хан хөвүүдийн зөрчил нь Чингис хааны үед хэл амаар төдий илэрдэг байсан бол Чингис хааны ач нар өөрсдийн тэмцлийг хэл ам, хэрүүл зодооноор, түүний ач нар нь зэвсэгт тулаанаар, түүний хөвүүд нь дайн самуун дэгдээх хүртэл өөрсдийн зөрчлийг шийдвэрлэдэг болсон. Тэд “Мах иддэг шүд аманд ажээ, Хүнд идэх шүд сэтгэлд ажээ. Бие бөх бөгөөс ганцыг ялна. Сэтгэл бөх бөгөөс олныг ялна” гэдэг өвөг эцгийн сургаалиа мартжээ. Мөн үүнд, Их хаадын төрийг хутгагч их хатад, ноёдын үүрэг их байлаа. Ийнхүү 50 шахам үргэлжилсэн их гүрний үе төгсгөл болж 1260-аад оноос хэд хэдэн биеэ даасан Монгол угсааны хаант улсууд оршин тогтножээ.
Анх хан хөвгүүдийн зөрчил Сартуул иргэд рүү дайрахаас өмнө хаан ширээгээ хэнд өвлүүлэх вэ? хэмээх асуудлаар Хаан эцэг нь хөвүүдээсээ асуухад сэдэрчээ. Өгэдэйг хаан ширээнд суулгахаар тохирсны дараа Өгэдэйгийн
“... Өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож үнэрлэхгүй тийм үр хүүхэд төртөл миний үр удам хаан ширээнд суух болно” гэж ах дүүгээсээ андгай тангараг авсан нь хожмын Их хаан ширээний төлөө тэмцэл, тэр нь угжиргч Их Монгол улс задарч Монгол угсааны хаант улсууд болж задрах гол шалтаг болсон байна. Чингис хаан сайн удирдагч байснаас биш сайн сурган хүмүүжүүлэгч байсангүй. Хорезмтай хийсэн аян дайнд түүний залгамжлагч хан хөвүүд Зүчи, Тулуйгийн болон Цагаадай, Өгэдэйн гэсэн зөрчилт бүлэглэлүүд болж хувирсан байлаа. 1205 онд Зүчи Зэбэ ноёнтой хамт Ойн иргэдийг байлдан эзэлснийг нь Чингис хаан их сайшаан “монгол морины туурай хүрсэн баруун зүгийн нутаг чинийх болтугай” гэж зарлиг болгож байсан төдийгүй аливаа санал асуухдаа “...хөвүүдийн ах”-аас хамгийн түрүүнд саналыг нь сонсдог байлаа. Зүчи өөрийн гурван дүүгээсээ “...Барилдаад унавал унасан газраасаа босохгүй, Харвалдаад ялагдвал эрхий хуруугаа тасдах” хэмжээний илүү чадал, авъяаслаг байжээ.
Харин Цагаадай хэдий хан хөвүүдээс хамгийн урт насалсан ч ухаан ахар байжээ. Түүнийг “Судрын чуулган” зохиолд “монгол зантай догшин ширүүн зан авиртай” гэж онцолсныг Зүчийн дүүдээ хандаж хэлсэн “Чи надаас юугаараа илүү юм? Ямаан омогоороо илүү биз...” гэсэн гоморхолын үг баталж байдаг. Хорезмын их аян дайны үед Зүчи өөрийн эзэмшилд хэзээ нэгэн цагт ирэх Самарканд хотыг эвдлэн сүйдлэлгүй эзлэн авах гэсэн бол Цагаадай Хаан эцгийн зарлигийг ямар ч үнээр хамаагүй гүйцэлдүүлэх гэж улам хоорондоо зөрчилдөж байсныг Өгэдэй очиж эвлэрүүлжээ. Хөвүүдийнхээ энэ зөрчлийг өөрийнхөө нүдээр харсан Их хаан Хорезмын аян дайнаар Ертөнцийн дайдыг хэмжиж гадаад ертөнцтэй өөрийн биеэр танилцаж “алд биеэ алжааж” байгуулсан Их улсаа өөрөө мөнхөрч байж хадгалж үлдэж болох шунал нь улам асаж олон удаа шавдуулан байж 1224 онд Чань Чун бумбатай уулзсан байхаа? Түүхэн энэ уулзалтын дараа их улс зүй тогтлын дагуу хэзээ нэгэн цагт бие цогцсын адил урсан алга болох авч бие чадлаар бус билиг авъяас, суу ухаанаар бүтээсэн зүйл мөнх үлдэж болдогийг ухаарч түр боловч амсхийсэн болов уу? Тиймээс Өгэдэй хүүдээ бусдаас илүү найдвараа тавьж байсан байхаа. Харин Өгэдэй эцгийн сургаалийг биелүүлж байсан ч хөвүүдийн зөрчлийг улам хурцатгах зүйл хийжээ. 1234 онд Алтан улсад аян дайн хийж байгаад түүний бие алжаасанд бөө нар төлөглөж үзээд “Их хааны хамгийн дотнын хүнээр хойлогловол Их хааны бие илаар болно” гэжээ. Тэр хүн нь “гол улс”-ыг өмч болгон авсан Тулуй “хаан ахын мартсныг нь сануулж, унтсныг сэргээж байх” тангарагаа санаж хор ууж нас баржээ. Өөрийн өрсөлдөгчөө үгүй хийсэн Өгэдэй хаан дөрвөн сайн, муу зүйлийнхээ алинд нь ч үүнийгээ оруулаагүй нь улс төрийн тэмцлийн зохиомол тэмцэл байсныг нотолж буй хэрэг бизээ. Өгэдэй хаан өөрийгөө залгамжлуулахаар гуравдугаар хүү Хүчүгээ бэлтгэж байсан ч Хүчү эцгээсээ өмнө нас баржээ. Уй гашуудалд баригдсан Өгэдэй төрт ёсоо бодолгүй бор дарсанд толгойгоо улам бүр мэдүүлж эш хатан Туракина, түүний хамсаатан Абдурхман нарыг эрх мэдэлтэй болгоход хүргэжээ. Өгэдэй хааны мэргэн түшмэл Чингай чинсан болд сэлмийг архинд дүрж зэврүүлээд “Архи ган төмрийн ирийг хүртэл ийн мохоож байхад хүний ухаан санааг ч үүн лүгээ адил болгох бизээ” гэж Их хаанаа сэнхрүүлэхэд Өгэдэй мэргэн түшмэлийн үгэнд орж “өдөрт ганц хундага архи ууж байна” амласан боловч тэр хундага өдөр ирэх бүр томорч тогоо чинээ болсон гэсэн яриа байдаг. Өгэдэй хааны энэ муу чанар түүний Гүюг зэрэг залгамжлагч нарт нь даамжирч Монголын бусад ноёдын дэмжлэгийг хүлээж чадалгүй түүний удам угсааны хаанчлал өөрөөр нь дуусгавар болсон ч байж болох талтай.
Эзэн Чингис хааны бага хөвүүн Тулуй нь 3 ахаасаа Зүчийг илүү дотночилж нөхөрлөдөг байжээ. Энэ тухай эх сурвалжуудад тодорхой мэдээ байдаггүй боловч түүний үйл хөдлөл, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хөвүүдээс нь харж болно. 1234 онд Тулуйг нас барсны дараа түүний хөвгүүд Сорхогтан бэхи эхийнхээ нөлөөгөөр Зүчи хааны ахмад хөвүүн Батын өмөг түшигт очив. Ялангуяа 1236-1241 оны ахмад хөвгүүдийн дайнд Бат, Тулуйн ахмад хүү Мөнх нар ихэд ойр дотно болсон байна. Тиймээс 1251 онд Бат цэрэг илгээн “Бэрх, Хубилай нар хишигтний илдний дор Их хуралдайг хуралдуулж” Мөнхийг хаан ширээнд суулгасан түүхтэй. Ийнхүү хан хөвгүүдэд Чингисийн 4 хөвгүүдийн зөрчил тэмцэл хадгалагдан үлдэж эхлээд далд байдлаар үйл хөдлөл, үзэл бодлоороо мэтгэлцэн тэмцэлддэг байсан бол дараа нь харгалдуулсан тэмцэл, дайн тулааны шинжтэй болж даамжиран бие биенээсээ хараат биш эзэмшил Монгол угсааны хаант улсууд болж задарчээ.
1. Цагаадайн хаант улс. Уг улсын түүх 1221 оноос эхэлдэг боловч 1227 он хүртэл Чингис хаанд итгэгдсэн Махмуд Ялавачи захирч байв. Чингис хааны хийсэн аян дайнуудаас ялах магадлал хамгийн бага, эрсдэл ихтэй дайн бол Сартуул иргэдийг дайлсан Их аян дайн байлаа. 120.000 цэрэг 5000 орчим км бартаат замыг туулж өөрсдөөсөө 100 дахин илүү хүчтэй тулалдана гэдэг бол Чингис хаанд маш хүнд байлаа. Хол замыг туулж их цэрэг Хорезмын нутагт орж ирэхэд Махмуд Ялавачи итгэлт нөхдүүдийг дагуулан Чингис хаанд дагаар оржээ. Энэ бол урвалт биш байлаа. Түүний эцэг, эхийг МАНКУРТ БООЛ болгосон Хорезмын эрхтэн дархтнуудаас өш хонзонгоо авах цагийг хүлээсэн үйлдэл байсан юм. Хорезмд хийсэн дайн амжилттай болоход Махмуд Ялавачи үлэмж чухал үүрэг гүйцэтгэжээ. Өгэдэй эцгийнхээ гэрээс ёсоор Дундад азийн улсуудыг засан тохинуулаж, захирах эрхийг ах Цагаадайдаа өгснөөр түүний нэрээр нэрлэгдсэн улс бий болжээ. Дундад азийн баруун талд худалдаа наймаа хөгжсөн Исламын шашинт хотууд, зүүн талд нь нүүдэлчид хил залгаж эрс тэс ялгаа байсанд оршдог. Ийм байдал энэ бүс нутагт удаан ноёрхож байснаас Хорезмын улс ч, Хар Хятаны хаант улсын гадаа нөхцлийг хүндрүүлж байснаас тэдний ноёрхол удаан хугацаанд оршин байж чадаагүй билээ. Дайны хөлд ихэд сүйтгэгдсэн ч хурдан сэргээгдсэн Бухар, Самарканд зэрэг хот багтсан бүс нутаг Монгол ноёдын эзэн суух сонирхолыг татаж байлаа. Гэвч Зүүн талаар Или гол, Долоон голын тал газар, Тарим голын дагуух баян бүрд нь нүүдлээрээ амьдрах боломжийг бүрдүүлж байсан учир Цагаадай болон түүний залгамжлагч нарын орд өргөө голлон тэнд байрлаж байлаа. Рашид ад Дин, Цагаадайг эзэрхэг догшин, ямаан омогтой монгол зан авиртай гэж цохон тэмдэглэсэн нь “Монголын нууц товчоон”-ы халуун цочмиг гэсэнтэй дүйж байдаг билээ. Цагаадай Өгэдэй их хаантай нягт холбоотой байж түүний зарлигийг нь үг дуугүй дагахын хамтаар өөрийн эзэмшил болсон улс оронд аливаа асуудлыг бие дааж шийддэг байв. Тэрээр Исламын шашинд сүжиглэдэггүй, Христийн болон Буддын шашныг ивээн дэмждэг байлаа. Цагаадай Махмуд Ялавачийг замаасаа зайлуулсан боловч түүний хүү Масудбекийг Уйгараас Хорезм хүртэлх нутаг дахь тариалангийн газруудын захирагч болгосон бөгөөд тэрээр олон хаадын нүүрийг үзэн 1289 он хүртэл уг албыг хашиж байжээ. Цагаадай 1242 онд өөд болж түүний гэрээслэл ёсоор бага хүү Хара Хүлэгү хаан болжээ. Энэ үеэс нүүдэлчид өөрсдийгөө “Цагаадайнхан” гэж нэрлэсэн. Хара Хүлэгүгийн үед буюу 1251 онд Тулуйн хүү Мөнх, Батын шууд тусламжтайгаар Их хаан суусан үеэс эзэнт гүрэнд Цагаадайн улсын байр суурь үлэмж суларч худалдаа, эдийн засгийн томоохон бүс нутаг Мавереннахор муж Алтан ордны улсын мэдэлд шилжив. Энэ улсын дотоод хэрэгт Мөнх хаан болон Алтан ордныхон шууд оролцож Их хаанд таагүй ханддаг бүх жанжин, ноёдыг огцоруулж Хархорум, Бышбаликын хоорондох газарт тэд өөрийн эрх мэдлийг тогтоожээ. Хара Хүлэгү нас барсны дараа тус улс өөрийн гэсэн захирагч хаангүй үлдэв.
Харин Их Хаан Мөнх өөд болсны дараа Цагаадайн улс дахин сэргэх боломж гарлаа. 1260 онд Цагаадайн ач хүү Алгуй Аригбөхтэй тулалдаж, Хубилай хааны дэмжлэгийг авч түүний нөлөөгөөр Алтан ордныхныг хөөж бүх нутгаа чөлөөлөн Дундад ази, Умард Иран, Шинжааныг хамарсан нутгийг захирчээ. Хубилай хаан Алгуйг Цагаадайн улсын эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг Монголын зүүн хойд хэсгээр нутаглаж Хубилайн хаанчлалыг үл таашаагч Хайду ноён хамгийн их эсэргүүцэж байв. Мөн өмнөх эзэмшил нутгаа алдсан Алтан Ордны Бэрх хаан Цагаадайн улс лахин сэргэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Алгуй 1265 онд өөд болсны дараа Цагаадайн угсаанаас хамгийн түрүүнд Ислам шашинд орсон Мубарек шах гэгч улсын хаан суув. Хаанд өргөмжлөх ёслолыг Хубилай хаанд мэдэгдээгүй сэм хийсэн учир Юань улсаас цэрэг илгээж Мубарекийн орон түүний үеэл Боракыг Хубилай дэмжиж хаан ширээнд суулгажээ. Монголчуудыг Исламын шашинд оруулах, суурин соёл иргэншилд зохицон амьдрах, угсаатны хувьд уусан шингэх үүд хаалга нээгдэж эхэлсэн үед Өгэдэйн удмын Хайду ноён Боракыг ятган сэнхрүүлж өөрийн холбоотон төдий болж ашиглан Хубилай хааны цэргийг бут цохиж 1269 онд Цагаадайн улсын захирагч болов. Тэгээд ч зогссонгүй тэрээр Хубилай, Иль Хаадын улстай, Алтан ордонтой дараалан байлдаж эзэнт гүрнийг улам задлах үр дагаварыг түргэтгэжээ.
1290 оноос Цагаадайн удмын Дува гэгч бусдаасаа илүү нэр хүндтэй байсан учраас дэмжлэг авч хаан болж Юань улсад ёс төдий захирагдан вассаль болж дотоодын нэгдлээ хэсэг хугацаанд Чингис хааны нэр алдраар барьж байв. 1305 онд Дундад ази дахь Өгэдэй, Цагаадайн удмын тайж нар буюу Самарканд, Хожент хотын хооронд гарсан мөргөлдөөнийг Дува хаан зогсоож үүний шалтгааныг тодруулахын тулд Ташкентад хөндлөнгийн шүүх хийлгэж байлаа. Дува хааныг түүний хүү Эсэнбөх ор залгамжлах ёстой байсан боловч өөр нэг хүү Кебек (1318-1326) хүч хэрэглэн хаан ширээнд суулаа. Учир нь Хайдугийн булаан авсан газар нутгийг Эсэнбөх эргүүлж авж авсан ч Юань болон Ил хаадын улсуудтай амжилтгүй тэмцэл хийсэ, Эсэнбөхийн хүү Ясавур нь Ил хаадын улсад дагаар орсон зэрэг нь түүний байр суурийг сулруулсанаас болов. Кебек хаан Исламын шашныг улам хүчтэй дэлгэрүүлж, нэгдмэл мөнгөн тэмдэгт гаргаж худалдаа наймааг цэгцлэв. Кебек хаан Ислам шашинд орсон Монголчуудаа илт дэмжих бодлого баримталж байснаас Цагаадайн угсааны Монголчууд үзэл бодлоосоо гадна шашин, амьдрах хэв маягаараа хуваагдан ялгарч эхлэв. Суурин иргэншилтэй Монголчууд бараг ууссан тул тэднийг Түрэг Монгол нүүдлийн иргэншлээ алдаагүй Монголчууд өөрсдийгөө Моголстан гэж тус тус нэрлэх болжээ.
Кебек хаан Монголчуудыг уусахаас болгоомжилж нутагтаа түмтийн зохион байгуулалтын засаг захиргааг хэрэглэсэн боловч тус болсонгүй. Кебек хааныг дүү Тармаширин нь залгамжилж илт Ислам шашинтан Монгол бусчуудыг дэмжиж байсан учраас 1334 онд Монголчууд түүнийг хороосон байна. Кебекийн төрийг залгамжлагч Казан хааныг 1340 онд Маверннахорт хуйвалдаанаар түлхэн унагааж засгийн эрх түрэгжсэн “монголчуудын” гарт шилжиж тус улсын дорнод хэсэгт Түрэгүүд дангаар ноёрхож эхлэв. Иймд Монголчууд 1348 онд Дува хааны ач 18 настай Туглук Төмөрийг хаанаар өргөмжилж Кашгар, Кучи, Долоон ус, Ишиг хөл нуурыг хамарсан Цагаадайн улсын өмнөд хэсгийг эзэмших болов. Ийнхүү Цагаадайн удмын улс XIY зууны дунд үед Баруун хэсэг Мавереннахорт, зүүн хэсэг нь Моголистан гэж 2 хэсэгт хуваагджээ. Гэхдээ Моголстаныхан давуутай байдлаа ашиглаж Маверннахорыг вассалиа болгож алба татварлаж байжээ. Цагаадайн улсад Монголын арулад /Афганы хойд хэсэг/ Жалайр /Сырдаръяа/, Барулас /Кашгар орчим/, Найман-Хаучин /Мавереннахирт/ аймгууд зонхилж их нөлөөтэй байсан ба ХАЗАР МОГОЛ-чууд нь аж төрөх ёс, соёлоо ганцаараа хадгалж үлдэж одоог хүртэл Афганьд амьдарч байна.
1346 онд Цагаадайн улс задран биеэ даасан жижиг муж улсууд болсон байна. Энэ үеэс Түрэг хэлтэй, узбек, киргиз, туркмен, уйгар гэх мэт бие даасан угсаатан бүрэлджээ. Туглук Төмөрийг нас барсны дараа түүнд алба хашиж агсан Төмөр хүчирхэгжин 1370 онд цэргийнхээ хүчээр Моголстаны баруун хэсгийг таслан авч өөрийн эзэмшил болгожээ. Төмөр бол Барулас овгийн хүн бөгөөд тэр Чингис хаан шиг их хүн байж Их гүрнийг байгуулна хэмээн мөрөөдөж язгуурын Монголчуудтай холбоо тогтоон Хиад-Боржигин овгийн хатан авч байжээ. Тэрээр 1370-1405 онд Төмөр Алтан ордоны улсын хагас, Дундад ази, Иран, Гүрж, Өмнөд оросыг нэгтгэсэн эзэнт гүрнийг дан ганц зэвсгийн хүчээр байгуулжээ. Гэвч 1405 онд Төмөр хааныг нас барахын хамт түүний гүрэн нь задран сарнив. Харин ач хүү Улугбек нь (1394-1449) дайн байлдаанаас татгалзан эрдмийн мөр хөөж од гаригийн хөдөлгөөний том нээлт хийн дэлхийд алдаршсныхаа “шанд” дайнч өвөг эцгийнх нь сүнс шингэсэн хүүдээ алагджээ. Энэтхэгт Индуизм үүсч Буддизм шахагдан кастын ёс дахин сэргэж, шашин хоорондын дайн үргэлжилж байсныг ашиглан Төмөрийн угсааны Бабур хаан Умард болон Төв Энэтхэгийг эзлэн авч “Их Моголын эзэнт улс”-ыг (1525-1755) байгуулсан нь Төмөрийн Их Моголын үзэл санаа залгамжлагдан байгааг гэрчилж байв. Их Моголын улс Энэтхэгийн хамгийн хүчирхэг улс байсан төдийгүй соёлын үнэт өв олныг бүтээжээ. Агра хотноо Бабурын YI үеийн Шах Жахан (1627-1658) өөрийн хатан Мумтаз Махалынхаа гэгээн дурсгалд зориулж ариун дурлалын бэлэгдэл Таж Махалын бунханг дан цагаан гантиг чулуугаар барьсан нь одоо ч дэлхийн үнэт соёлын өвийн үнэт дурсгал хэвээр байна.
2. Иль хаадын хаант улс. 1253 онд Армяны хаан II Гетум Их хаан Мөнхтэй уулзаж 7 зүйлт гэрээг байгуулжээ. Үүнд: Иракын Багдадын Халифт улсыг бут цохиж Румын туркчуудыг эзлэх, Азербайджан, Иран, Ирак, Дундад ази, Гүржийг өөрийн нууц засаглалдаа авсан онцгой эрх мэдэлтэй Ассасинудын улс буюу манихейн шашинт “Уулын өвгөдийн нийгэмлэг”-ийгихэнхдээ ИСМАИЛ-чууд гэдэг байсан хүйс тэмтрэх, улмаар Сири Палестинд нэвтрэн ариун газар Иерусалим /Арабчууд Аль-кудас гэдэг/ хотыг эзлэн авах гэсэн зүйлүүд багтаж байлаа. Үүгээрээ Монголчууд олон жил ялагчгүй үргэлжилсэн загалмайтны дайнд татагдан орж загалмайтнуудын магнайг тэнийлгэх болов. Энэ нь Гетумын христос шаштны өмнө байгуулсан том гавъяа байсан юм. Тэр үед дэлхийн хамгийн баян тансаг хот бол олон зуун жил дайн самууны хөлд өртөөгүй Багдад хот байлаа. Багдад болон тэр хавийн олон хотуудыг Исмаилчууд захирч байв. Исмаилчууд бол дэлхийн анхны “алтан гурвалжин”-гийн ачаар ихэд хүчирхэг болсон Ислам шашны хөдөлгөөн байлаа. Хамгийн анх Х1 зуунд Иман буюу номлогчоор өргөмжлөгдсөн Хасан Сабах нь одоогийн Ирэн улсад байдаг Аланмут ууланд залуусыг цуглуулан гашиш хэмээх хар тамхинд донтуулж өөрийн ноёрхол, хүсэл сонирхлоо бусдад тулган Исмаилчуудыг бий болгожээ. Тэднийг Ассасин, Уулын өвгөдийн нийгэмлэг гэж янз бүрээр нэрлэдэг байсан бөгөөд орчин цагийн МАФИ-ийн зохион байгуулалттай байсан байна. Тэдний удирдагчийг Иман гэдэг бөгөөд Ислам шашны хуулиар үе улиран залгамжилдаг, нийтдээ 70 гаруй чулуун бэхлэлт хэрэмд суудаг байжээ. Исмаилууд Хорезм, Багдад, Армян, Иран зэрэг олон хаант улсыг өөрийн эрхэндээ байлгаж татвар хураан, сөргөлдөгсдийг “мэслэн алдаг”-аараа алдартай байжээ. Исмаилчууд эхэндээ Монголчуудтай сайн харилцаатай байсан боловч Эрх мэдэл, эд хөрөнгөнд тэмүүлсэн Монголчууд, Несториан шашинт хатадын нөлөөгөөр Армяны хаан Гетумтэй гэрээ байгуулсан байна.
Мөнх хаан Их гүрний 10 хүн тутмын хоёрыг Хүлэгт өгч “Хатан Догузаа баруун гар болгож бүх хэргээ зөвлөж яваарай” хэмээн захиж их аян дайнд явууллаа. Догуз Несториан шүтлэгтэй, маш ухаалаг, энэрэнгүй сэтгэлтэй байсан тул Армяны түүхэн сурвалжууд түүнийг Ариун Еленатай зүйрлэн бичсэн байдаг. Хүлэг их цэргээ авч 1256 онд Иранд, 1257 онд Азербайджан, 1257-58 онд Багдадын Халифт, 1259 онд Сирийг тус тус маш амархан эзлэн авахдаа “Уулын өвгөдийн нийгэмлэг”-тэй олон жил тулалдан арай чүү устгасан гэдэг. Гэхдээ хил хязгаар гэж байдаггүй, нууц засаглалаар эзэмшлээ захирдаг байсан энэ байгууллагыг бүрэн устгаж чадсандаа Хүлэг эргэлзэж байсан магадгүй. Исмаилуудын 70 гаруй хэрэм цайзуудыг нураан хамгийн сүүлчийн Иман Рукин аль Диныг барьснаар Исмаилууд дэлхийн түүхээс арчигджээ.
Бүх дайснаа дарсан Хүлэг цааш Гетумтай хамтран Иерусалимыг эзлэхээр бэлтгэж байтал Их хаан Мөнх өөд болж ажлаа түр хойш тавин Хар- Хорум луу буцлаа. Хүлэг Монгол руу явахдаа найманы жанжин Христос сүсэгтэн Кит-бухад цэргээ захируулж Иерусалим руу довтлохыг зөвшөөрчээ. Китбуха жанжин тэр үед Египетийн Салах ад Динийг бут цохиод ноёрхолоо тогтоогоод удаагүй байсан мамлюк Кутузад элч илгээн бууж өгөхийг шаардсан байна. Тэр үед Египет нь эргэж алдах эд хөрөнгө, газар нутаггүй Мамлюкуудад захирагдаж байснаа, удалгүй асар их эд баялаг, газар нутгийг захирсан хүчирхэг улс байжээ. Мамлюкууд мөн л Исламын үнэнч сүсэгтнүүд байсан Иерусалим хотыг аминаасаа илүү хамгаалах нь мэдээж билээ. Кутуз нь олон мамлюк дайчны нэг адил түрэг-кипчак хүн байсан учир түүний хамтран зүтгэгчид нь Монголчуудын байлдах арга барилыг сайн мэддэг байсан төдийгүй, Желал-ад Дин тэргүүтэй Хорезмын улсын үлдэгдэл Ислам шашинтнууд тэдэнд туслахаар ирсэн байлаа. Тэд Монголын элч нарыг бүгдийг нь дүүжлэн хороосон учир “Алтан аргамжаа тасдуулсан” монгол цэргүүд дайнд орохоос аргагүй болжээ. Китбухын захирсан түрэгүүд зонхилсон 10.000 гаруй цэрэг 1260 оны 9 сарын 3-нд Сирийн нутагт цөмрөн орж Кутуз түүний уирдсан монгол цэргийнм гол цохилтыг өөрсөд дээрээ авахуулахаар цэргийнхээ багахан хэсгийг Бейбарс жанжиныхаа удирдлаган дор явуулж өөрийнхөө мамлюкуудыг отоонд суулгасан байна. Бейбарсын цэрэг дийлдсэн болж ухаран зугтахад Монголчууд тэднийг мөрдөн хөөсөөр занганд орж мамлюкуудад цохиулав. Монголчууд хэдий бүслэгдсэн ч өгөө аваатай маш эрэлхэг тулалдсан гэдэг. Кутуз Цэргүүдийнхээ урам зоригийг бадраахын тулд Китабухаг олзлон авч цаазаар авчээ. Мамлюкуудыг бут цохиход Бейбарс султан Кутузаас илүү чадварлаг удирдсан учир түүний нэр нөлөө өссөнөө ашиглаж Бейбарс буцах замдаа Кутузыг хороож өөрийгөө султанаар өргөмжилжээ. Түүхэнд энэ хүн Монголчуудын довтолгооныг дарсан гавъяагаараа төдийгүй амьдралынхаа төгсгөлд хийсэн нууцлагдмал алхамаараа ихэд алдаршсан. Түүний байгуулсан Мамлюкын хүчирхэг эзэнт гүрэн Монголчуудын довтолгооныг удаа дараа няцаасаар 1517 он хүртэл буюу Османы туркын эзэнт улсад ялагдах хүртлээ хүчирхэг байдлаа хадгалж байв.
Хүлэг хаан Мамлюкуудад ихэд хорсож байсан ч аргагүйн эрхэнд дотоод асуудалдаа анхаарлаа. Хүлэг суурин иргэншилтэй илүү их танилцсан, юм үзэж нүд тайлсан, алсын санаа бодол нэг байсан Хубилай дүүгээ ихэд дэмжин хаан болоход нь тусалжээ. Хубилай түүний хариуг барьж Хүлэгтээ Иль хаан цол, 30000 торгон цэргээр шагнал барьжээ. Хүлэгийн төр барьж байсан бүхий л хугацаанд Монгол угсааны хөрш улсууд байнга дайсагнадаг байв ийм үед түүний гол түшиг тулгуур нь Хубилай хаан байжээ. Мөнх хаан Кавказыг Зүчийн улсад өгсөн учир Батын залгамжлагч Бэрх энэ хавийн нутгийг өөрийн мэдлийнх гэж үздэг байв. Мөн Бэрх Ислам шүтлэгтэн байсан учир Хүлэг хааны Багдад, Иерусалим хотууд эзлэх гэсэн бодлогод сэтгэл тун дундуур байлаа. Тэдний хооронд зөрчилөөс 1261-1263 онд Бэрх-Хүлэгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсны дараа Ил хаадын болон Алтан ордны улсын хил Кавказын уулаар зааглан тогтов. Хүлэг хаан хатныхаа нөлөөгөөр Христос шашинд талтай болж хүү Абага энэ шашинд орж Армений хаан III Михаилын охин Мариятай гэр бүл болж, ач хүү Аргун Христос шүтлэгтэн болцгоожээ. Хүлэг хаан Ромын пап, Константинополийн эзэн хаан Михаиль, Гүржийн хаан Давид нартай сайн хөршийн харилцаатай, олон удаа элч солилцож байжээ. Гол аюул баруун талд байсан хэдий ч Азербайджан нь агт морь, нутаг бэлчээр сайтай учир Хүлэг Тебризыг сонгож сайд, түшмэдүүд нь тэнд амьдрах болсон байна. Хүлэг хаан зуны цагт өөрийн ордонг бариулсан Алатаг-т, өвлийн цагт Сирийн талд нүүдэллэн очиж амьдардаг байлаа. Хүлэг 1256 онд 48 насандаа нэгэн найр хуримын дараа гэнэт нас барж Монгол ёсоор түүний хүү Абага (1265-1282) хаан ширээнд өргөмжилөгдөв. Тэр эцгийн бодлогыг үргэлжлүүлж Тебриз хотыг өргөтгөн барилга барьж, эрдэм мэдлэгтнийг үнэлж 23 зөвлөх сайд түшмэдээр өөрийгөө хүрээлүүлж, газар нутгаа тэлж байжээ. Ираны хилийн чанадад Их, Бага Армени, Бага азийн турк сельжукуудын нутаг орон бүгдээрээ Иль Хаадын хараат байдалд орсон бөгөөд Хурилдайгаар өргөмжлөгдсөн Хаан болон дээд зиндааны ноёд төрийн гол эрхүүдийг барьж цэрэг армийн удирдах тушаалуудыг хашдаг байсан бол, орон нутгийн иргэний хэрэг явдлыг Ислам шашинтан, Визир цолтонгууд эрхлэн хөтөлдөг байлаа.
Абага 1277 онд удтал бэлтгэсний эцэст Мамлюкуудтай дайтсан боловч Бейбарс султанд дахин бут цохигдож тэр зүг санаархахаа больжээ. Абага хааны ялагдсны шалтгааныг Бейбарс жанжингийн цэргийн авъяасаас илүү Иль Хаад, Алтан Ордоны хоорондын зөрчилтэй холбож тайлбарладаг. Иль хаадын улс Египетийн Мамлюкуудтай Сири, Иерусалимыг булаалдан хоорондоо дайсагналцаж байснаа Монголчууд Исламын шашинд орсны дараа Египеттэй холбоо тогтоон гадаад бодлогоо өөрчилжээ. Алтан ордоны хаан Ногай Кавказ, Цагаадайн удмын Борак, Хайдуд ялагдан хохирсон хохирлоо нөхөхийн тулд Хорасан луу довтолох зэрэгээр Абага хаанд их зовлон болдог байлаа. Цагаадайн монголчууд Хорасанд довтолсны хариуд Абага хаан 1273 онд Бухар хотыг эвдэн сүйтгэсэн бол 1295 онд үүний хариу болгон Цагаадайн улсын Дува хаан Ираны зүүн талын мужуудад цөмрөн орж их хядлага үйлдэхэд Алтан ордоны Узбек хаан хүртэл оролцсон юм. Ийнхүү Монгол угсааны хаант улсуудын хооронд хямрал дэгдэн гаарч байв. Мамлюкуудын хаан Бейбарс Абага хааныг бут цохиж шашин, үндэс угсаа нэг Румын туркуудыг Монголчуудаас чөлөөлөхийг оролдсон боловч амжилт эс олж Египет рүүгээ буцан тэндээ нас баржээ. Гэхдээ Монголчуудын удаа дараагийн довтолгооныг зогсоож агсан Бейбарс хаан юуны учир хаан ширээнээс сайн дураараа орхиж бадарчлан явсаар нас барсан нь эрдэмтдийг анхаарлыг татсан хэвээрээ байдаг билээ.
Иль хаадын улс 100 орчим жил оршин тогтнохдоо Хүлэгү (1256-1265) Абага (1265-1282)Текулар Ахмед (1282-1284), Аргун (1284-1291), Гайхат (1291-1295), Газань (1295-1304), Өлзийт (1304-1316), Абу сайд (1316-1335), Шейх Хасан Хүчү (1335-1343) нарын нийт 9 иль-хаан төр барьснаас Хүлэгү, Аргун, Газан нар алдар хүндтэй нэрээ түүхэнд мөнхөлжээ. Иль хаадууд Ромын пап IY Климент, I Николай, IY Николай нартай, Английн хаан I Эдувард, Францын ван IY Филипп, Византийн хаан Василевс нартай дипломат харилцаа тогтоож олон удаа элч солилцсныг гэрчлэх түүхэн баримт хадгалагджээ. Абагагийн дүү Текулар 1282 онд Иль хааны сэнтийд сууж Ахмед нэрийг өөртөө өгч Исламын шашинд оржээ. Абагагийн хүү Аргун Чингис хааны Их засаг хуулийг цээжээр мэддэг, тэр хуулиар Бурхан, чөтгөр хоёр тэрсэлцэн байдаг лалын ертөнцийг ч захирч болно гэж үздэг байв. 1289 онд Европын христийн шашинтнуудыг талдаа оруулахыг хичээн хэрэв Мамлюкуудын эсрэг дайнд нэгдвээс Иерусалимыг Христ шүтлэгтний мэдэлд өгөхийг санал болгосон захидал Францын хаан Гоо Филиппт явуулж байжээ.
Иль Хаадаас хамгийн хүчтэй нь Газан хаан байлаа. 1295 онд Иль хаан суусан Газан Бага Арменид цөмрөн орсон мамлюкуудыг бутцохиж Гүржийн хаан ҮI Давидийг хаан ширээнээс нь буулгаж Иль Хаадуудад үнэнч Ү Давидыг тавьжээ. Ийнхүү ноёрхлоо тогтоож чадсан боловч түүнд Мамлюкууд Алтан Ордонтой нэгдэж хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байсан. Газан хаан өөрийн хаанчлалын үед эдийн засаг, улс төр, нийгэм-оюун санааны бүх хүрээнд 40 зүйлийн шинэчлэл хийж 1295 онд өөрөө Исламын шашинд орсноор улсаа “Исламын улс” гэх болжээ. Тэрээр Ираны түүхч Рашид-ад-динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн юм. Газан хааныг Иль Хаадын улсыг үндэслэгч 2 дахь хүн гэж үздэг. Түүний үед эрх баригчид хаанаас хараат биш болсон агаад цаазлах ялыг хатуу чанд хэрэгжүүлдэг байснаар Иргэний дайныг зогсоож чадсан гэж үздэг. Шинэ мөнгө, жин хэмжүүрийн систем, татварын тогтолцоог бий болгож байжээ. Гэвч энэ шинэчлэл нь тэртээ тэргүй аж төрөх ёс, хэв заншлаа алдаж байсан Монголчуудын уусах процессыг улам түргэсгэж Хүлэг хааныг дагаж ирсэн олхунуд, хонгирад аймгийнхан зонхилсон олон Монголчууд уусчээ.
Газан хаан дүү Өлзийт 1304 онд хаан болж Алтан Ордтой найрамдал тогтоож Францын хаан Филипп, Английн хаан Эдуард нарт элч илгээн “Монгол хаад эв найрамдалтай болж Европын эрх баригч нартай найрамдах хүсэлтэй байгаа” тухайгаа илэрхийлсэн. Гэвч Өлзийт хааны Мамлюкуудын эсрэг холбоо байгуулах хүсэл нь талаар болов. Өлзийт хаан Мосул руу цэргээ явуулж дайныг эхлүүлсэн боловч хоол хүнс дутагдаж, өвчинд нэрвэгдсний улмаас аргагүйн эрхэнд буцаж иржээ. Гэхдээ Өлзийт хаан Монгол угсааны улсуудаас өөрийнхөө газар нутгийг хамгаалсан хүчирхэг хаан хэвээрээ үлдсэн юм. Абу Саидыг Алтан ордын Узбек хааны эсрэг дайн хийж яваад 1335 онд нас барсны дараа Иль-хаадын улсад хямрал гарав. Ямар ч чадваргүй төрийн удирдлага, Монгол ноёдууд болон нутгийн уугуул араб визируудын хооронд хямрал улам даамжирсаар 1344 онд буюу сүүлчийн иль-хаан Хасан Хүчүгийн дараа олон жижиг хот улсууд болж задран унажээ. Одоо энэхүү улсыг байгуулсан олон Монголчуудын ул мөр үгүй болж тэдний тухай түүхийг 1301-1310 онд бичигдсэн Рашид-ад-Дины “Судрын чуулган”, 1253 онд бичигдэж эхэлсэн Ата Малик Жувейны “Ертөнцийг байлдан дагуулсан түүх” зохиолууд л хүүрнэн үлджээ.
3. Алтан ордны улс. Чингисийн ахмад хүү Зүчи, түүний хүү Бат нарын хийсэн аян дайнуудыг үр дүнд бий болжээ. Ид мандаж байх үедээ буюу Бат хааны үед Крым, Өмнөд орос, Ар Кавзаз, Ижил мөрөн, Хорезмыг хамарсан өргөн уудам нутагт 200 жил оршин тогтножээ. Бат 1236-1241 онд 11 хан хөвгүүдийг удирдаж Оросын 300 гаруй хот сууринг эзэлж Дорнод европыг довтлохдоо Оросын ванлигуудад дарангуй цэрэг үлдээж өндөр албан татвар оногдуулж байсангүй зөвхөн эд агуурс, үнэт зүйлсийг нь тонон дээрэмдээд л явжээ. Харин дараа нь Монголчуудын бодлого өөрчлөгдөж 1237-1240 онд Оросуудтай холбоо тогтоож, Германы рыцаруудын довтолгооноос хамгаалж өөрсдийн нөлөөндөө авч татвар авах болжээ. 1237 онд Бат Оросын А.Невскийтэй хүж барин найрамдаж цэргийн тусламж үзүүлж байсны ачаар Невский 1240 онд Германы рыцариудыг бут ниргэжээ. Ийнхүү Оросын ард түмний гайхамшигт том олон ялалтуудын анхных нь Монголчуудын ачаар хийгджээ. Гумилёв “Татаруудын ачаар эртний оросуудын “Алтан бүс” Москваг тойрон тогтож одоо болтол хадгалагдан үлдсэн байтал Литва, Польшийн захиргаанд орсон Белорусь, Галицид эртний соёлын ул мөр байхгүй болсон” хэмээн бахархан бичсэн байдаг. Гэвч Монгол-татаруудын харгис хэрцгий дарлал, хүнд хүчир алба татварт нэрвэгдсэн Оросуудад одоо ч хүртэл Монголчуудын дарлалын ул мөр хадгалагдан үлджээ. Татарууд “Хэрвээ татвар өгөх мөнгөгүй бол хүүхдийг нь ав, Хүүхэдгүй бол эхнэрийг нь ав, Эхнэргүй бол толгойг нь ав” гэсэн зарчмыг Оросуудаас алба авахдаа мөрдлөгө болгодог байсан учраас одоо ч гэсэн оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэж ярилцдаг байна.
Алтан ордны нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот бөгөөд Батын үед Их гүрэнтэй нягт холбоотой байснаа Бэрхийн үед биеэ даах бодлого явуулж эхэлжээ. 1255 онд Их гүрний хамгийн нөлөө бүхий хүн Бат хаан нас барж түүний хүү Сартак залгамжлах болов. Тэр Новогородын ван А. Невскийтэй анд бололцож Христос шашинтан болсон тул Монголчууд дургүй байв. Үүнийг Их хаан Мөнх ашиглаж Сартакийг хорлож Батын дүү 1256 онд Бэрхийг хаан ширээнд суухад нь нөлөөлсөн гэдэг. Бэрх хаан дорнод европтой хийх худалдаагаа өргөжүүлж, Мамлюкийн Египеттэй холбоо тогтоон Иль-хаадын улстай Азербайджаны Тебризын төлөө удаан хугацаагаар тулалджээ. Бэрх Кавказад болсон дайнд 1266 онд алагдан түүнийг Мөнхтөмөр (1266-1280) залгамжлав. Түүний бодлогын гол төвд нь Европ, Константинополь хот байж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Крымд шинэ хот суурин байгуулж тэнд Монгол, түрэг нүүдэлчдийг олноор нь суурьшуулах болжээ. Мөнхтөмөрийн үеэс төрийн хуйвалдаан, хямрал эхэлж Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291)-ын үед хамгийн хүчтэй байлаа. 1284 онд Чингисийн угсааны нэг ноён Ногай Тогтохыг хаан ширээнд өргөмжилж удаан тэмцэлдсний эцэст Алтан ордоныхноор хүлээн зөвшөөрүүлэв. Ногай бол Их хаан Чингисийг амьд сэрүүнд нь харсан, нөлөө бүхий ноён байсан ба түүний цэргүүд нь Монголын Мангууд овгийн туршлагатай эрс байжээ. Гэвч Тогтох, Ногай нар эвдрэлцэж Тогтохын их цэрэг Ногай цэргийг Оросын нутгийн гүн рүү шахаж Ногай Оросуудад алагдаж түүний цэргүүд Кавказад суурьшжээ. Тогтох (1291-1312) хааны үе хүртэл үргэлжилж Тогтох хаан намжааж дахин хүчирхэг болгож чаджээ. Тоготохын хүү Елбамыш хаан болох гэж байхад нь түүний анд, ойрын хамаатан Узбек хуйвалдаанаар Елбамышийг алж өөрөө хаан болов. Узбек Исламын шашинд үнэнч сүсэгтэн байсан учир Монголын хаадын шашинг ялгаварладаггүй байсан бодлогыг зогсоож бүх монгол угсаатнуудыг Ислам мөргөлтөн, Алтан Ордонг исламын улс болгож шашин, төрийг хослон удирдаж эхлэв. Узбек хааны тусламжтайгаар Исламын “фанатикууд” бусад шашинтнуудыг хавчин гадуурхаж олон хүмүүсийг цусыг урсган арвин их соёлын өвийг устгаж олз ашиг, аян дайныг гол бодлогоо болгов. Түүний сонирхол Иль хаадын эзэмшил Иран улс байсан учир 1318, 1327 онд их аян дайн хийсэн ч амжилт олсонгүй. Түүний аян дайны үед Тверийн ванлиг улс Татарын татвар хураагчдийг хороосон учраас Узбек хаан дахин Оросын ванлигууд руу довтолж аллага хийв. Энэ дайнд Мосвкагийн ван Иван Калита дэмжлэгэ үзүүлсэн учир бүх оросын ванлигуудаас татвар хураах онц эрхээ хадгалж үлджээ. Үүний ачаар Москвагийн ванлиг татвар төлөхгүй Оросын ванлиг улсуудыг татаруудын нэрийн өмнөөс бут цохиж эдийн засаг санхүүгийн их баялагийн хуримтлуулж ороын олон ванлигуудыг нэгтгэж эхлэв. Иван Калита бол Оросын хааны династи болох Романовын угсааг үндэслэгч бөгөөд түүний үр сад Дмитрий Доньской, Догшин Иван, I Петр нар Их оросын түүхийг эхлүүлжээ.
1341 онд Узбек хаан зорилгодоо хүрч Ираны зарим нутгийг эзлэн авсан боловч Кура голын дэргэд үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Узбекийн Таныбек, Жанибек нарын хооронд хаан ширээний тэмцэл болж Жанибек ахыгаа алж хаан ширээг залгамжлан суулаа. Түүний үед Алтан ордоны дотоод хямрал улам хурцдаж зэрэг зэрэг 8 хаан өөрсдийгөө өргөмжлөн цус асгаруулан хядалцаж иржээ. Тухайлбал, зөвхөн 1365-1380-аад оны үед хаадуудын хооронд 10 гаруй том тулалдаан болж нэг талаас ойролцоогоор 200-300 мянган их цэрэг оролцож олон ардын цус нулимасыг асгаруулж ихэд туйлдуулжээ. Үүний улмаас 1380 он гэхэд эмх замбараагүй 20 гаруй эзэмшил болж задарчээ. Татаруудын энэ доройтлыг ашигласан Оросууд Москвагийн ванлигийн удирдлага дор холбоо байгуулж хүчээ нэгтгэн Крымын Мамайн эзэмшилтэй 1380 оны 4-р сарын 8-нд Москвагийн холбоо Дмитрий Донскойн удирдлагаар их тулаан хийв. Мамай, холбоотон Генуя хотоос 10000 явган цэрэг, Литавийн ван Ягайлогоос цэргийн тусламж авсан боловч зөвхөн өөрийн цэргээрээ тулалдахдаа тактикийн алдаа гаргаж бут цохигдов. Москвагийн ван Дмитрий Донской Оросын ванлигуудын хооронд ураг төрлийн холбоо тогтоон гэрээ байгуулж, хүч нь өдрөөс өдөрт суларч байгаа Алтан ордоны хахууль, бэлгэнд дуртай ноёдуудын дунд олон тагнуулуудтай болсны ачаар Мамайг дийлжээ. Мөн Татар-Монголчууд 140 гаруй жил Оросын хотуудыг дайн тулаанаар доройтуулах, дээрэмдэх, алба татвар авах зэргээр хараандаа байлгаснаас Оросууд Монголчуудын цэргийн тактик, арга залиудыг сайн мэддэг болсонтой холбоотой. Оросууд Куликовын талд зөвхөн эрэлхэг зориг, эх оронч үзлээр биш Монгол цэргийн тактик, нөөц цэргийн хүчээр алдартай ялалтаа байгуулжээ. Энэ ялалт нь баатарлаг Оросын ард түмний олон суут ялалтуудын эхлэл нь байсан юм. Гэвч Оросууд энэ их ялалтынхаа үр шимийг шууд амссангүй, ихэнх хотууд нь 1487 оныг хүртэл Татаруудад албаа төлсөн хэвээрээ байсан юм. Монголчуудын ялагдал тэднийг нэгтгэх бус улам дайсагналцуулав. Мамай Цагаан ордоны Тотомыш-д алагдаж 1382 онд Тогтомыш Цагаадайн угсааны Төмрийн дэмжлэгээр хаан болжээ. Тэр Москва тэргүүтэй Оросын ванлигуудыг дахин вассалиа болгон Алтан ордоныг нэгтгэсэн боловч Төмөртэй муудалцан түүнд (1391 онд) хиар цохигдож доройтжээ. Тогтомыш Крым руу шахагдаж Крымын захирагч Эдигей, Чингисийн шууд угсааны Төмөр-Хутулу нартай хамтран улсаа дахин нэгтгэх гэсэн боловч муудалцснаас бас л амжилт олсонгүй. Тэд ээлж дараалан алагдсаар Чингисийн угсааны, нэр хүндтэй, чадалтай урьдах хаад шиг хүн гарч ирсэнгүй байсаар Алтан ордон 1437 онд Астрахань (1431-1553), Казань (1431-1552), Крымын хаант (1431-1785) улс болж задран унаснаар төгсгөл болжээ. Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан юм.
Узбек (1312-1342), Жанибек (1342-1360) хааны үеэс Монголчууд мөн л исламын шашинд орж Хонгирад, Урууд, Мангууд аймаг зонхилсон олон Монголчууд түрэгжиж эхэлсэн юм. Татаруудын оронд Оросууд хүчирхэгжин гарч ирж хамжлагаас зугатсан Литов, Украин, Белорусь тариачдыг нэгтгэн зохион байгуулж Козакууд гэж нэрлэн татар, түрэгүүд рүү өдөөн турхирах болсон. Тэд Казань, Астраханий улсуудыг бут цохиж хөөгдсөн татар, түрэгүүд Кучумын удирдлагаар Сибирийн хаант улсыг байгуулж Алтан ордныг дахин сэргээх гэсэн ч энэ оролдлого бүтсэнгүй. Догшин Иван хаан Казакуудын анхны атаман Ермакын дэмжлэгээр 1595 оны намар Кучумыг довтлон мөхөөж Оросын талыг Уралаас Иртыш тийш өргөсгөжээ. Харин Кучумын албатууд Дорнод азийн умард хэсэгт Их-дунд-бага жуз (зуут)-д хуваагдан нутаглах болов. Энэ зуутад байсан 1465 онд Казахууд Монголстаны баруун жигүүрт нутаглаж Ногайчууд, Сибирийн улсын харъяанд орж байгаад тусгаар тогтнож 1595 онд Казахын хаан Тевеккель, Оросын хаан IY Иван нар холбоо тогтоон Кучумын эсрэг босож Сибирийн хаант улсыг мөхсний одоогийн Казахстанд нутаглаж эхэлжээ.
Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оростай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд байсан юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг мөхөөжээ. Кавказад Крымд татарууд ноёрхож Полов, Аланчууд угсаатны хувьд задран чечень, дагестан, ингуш, черкес зэрэг олон угсаатан үүсч зэрэгцэн оршиж байсныг нь хутган үймүүлж хооронд нь дайтуулж сая өөрсдийн болгожээ. Гэвч “Крымынхэн” тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ өдгөөг хүртэл нандин хүслээ болгосоор ирснийг бид сайн мэднэ.
Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноёрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Мөн Юань гүрэн 142000 хүнтэй, 4400 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн флотыг байгуулж Япон руу их дайн хийж байсан (1281 онд Японы Такашимад нэг шөнийн дотор 4000 хөлөг онгоц, 100000 хүнээ далайн шуурганд алджээ) бөгөөд үүнээс хойш 300 жилийн дараа Испаний флот 27500 хүнтэй, 130 хөлөг онгоцтойгоороо дэлхийн хамгийн хүчирхэг флот болжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Тухайлбал, 1317 онд Египетийн Мамлюкуудын султан Малик ан-Насир Алтан ордоны Узбек хаанд илгээсэн захиандаа “Чингис хааны угсааны охидын нэгтэй гэрлэх хүсэлтэй байна” гэжээ. Узбек хаан ноёдуудтайгаа их зөвлөлгөөн хийж, хэдий египетүүдийн дэмжлэгийг авч Иль хаадын улсыг довтлох бодолтой байсан ч “Долоон тэнгис гатлан Египитийн нутагт Чингис хааны угсааны охидоос ямар эрх хэмжээтэй явуулах байсан тийм эрэлт шаардлага тавих явдал Чингис хааны үеэс одоо хүртэл гараагүй юм” гэсэн хариу өгч, хэрвээ хурим хийвэл эхний жилд хэлэлцээр хийх, хоёр дахь жилд хадамлах, нэг жил инж явуулах, дараа жил гэрлэх гэсэн дарааллаар 4 жил хүлээгээд инж бэлэг сэлтэд нэг сая динар, мянган агт морь, мянган иж бүрэн зэвсэг шаардаж, бүсгүй хүнийг зугаа цэнгэл, бараа таваар мэт боддог Исламын ертөнцийг ихэд сандаргажээ. Одоо ч Дундад ази, Иран, Иракт чингис хааны сүр хэвээрээ байна.
4. Юань улс. Энэ улс, Хубилай хааны тухайд бид бараг залхтлаа уншиж, эрүүгээ цуцтал мэтгэлцэж, хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ өгсөөр иржээ. Энэ тухай бид семинар дээр ярилцах тул олон зүйлийг нуршилгүй нэгэн түүхэн домгийг өгүүлсүгэй.
“Юань гүрэнд хэд хэдэн Баян нэртэй улс төр, цэргийн том жанжин, түшмэд байсан. Энэ Баян бол Тогоон төмөр хааны эхэн үед Их улсын бүх эрхийг гартаа авсан Мэргид аймгийн хүн болно. Түүхийн эх сурвалжид Баянгийн бүх хэргэм зэрэг, цол гуншин нь бүгд нийлээд 246 хүрдэг, тэр байтугай их улсад Баян гэдэг нэрийг сонссоноос биш Тогоонтөмөр хааны нэрийг сонсоогүй гэж Хятадууд ярилцдаг байсан гэж бичжээ. Мөн Юань-шид, түүнийг төрийн бүх хэргийг барьсан, харгис хэрцгий, завхай зайдан, шалгалтын журмыг устгасан, хятад бүх түшмэдийг ордноос хөөсөн, Монголынхоо эртний бүдүүлэг байдалд буцаж орох гэсэн гэх мэтээр элдвээр муучлан бичсэн байдаг. Гэвч Баян бол Өгөөдэй хааны Монгол улсын төрийн ёс дэглэмийг баримталсан, түүнийг гэж оролдсон хүн байлаа. Иймээс тэр төрийн хэрэгт Хятад түшмэд оролцохыг эрс буруушааж, зарим Монгол хүн хятад багшаар ном заалгаж байгаа нь тэдний арга ухаанд хэт автагдах аюултай. Ер нь монгол хүн морио унаж мах идэж байх ёстой. Их улсын төрийг зэвсэгийн хүчээр барина, хаан ширээг монгол их хуралдайгаар залгамжилна гэдэг үзэлтэй хүн байв.
Баяныг эрх мэдлээс нь ганц Тогтох зайлуулж чадах байв. Иймээс Тогтохын хятад багш Чжифан энэ талаар идэвхийлэн хичээл заах төрийн эрх булаах нарийн арга ухаан, алив зөрчлийг ашиглан хүнийг түлхэн унагаах арга, хаандаа санаа бодлоо итгүүлэх уйгагүй зүтгэлийн тухай байнга ярьдаг байв. Чжифан өөрөө Хятадын нэрд гарсан Күнзийн сургаалтан юм.
Харин Тогтох бол мэргэд аймгийн удамтай, хар багадаа хүнд бэрх амьдрал үзсэн, угаас сэргэлэн цовоо, ухаалаг, нум суманд онцгой авьяаслаг хүү байжээ. Иймд Баян түшмэл гэртээ авчирч өргөмөл хүүгээ болгон өсгөн хүмүүжүүлэхдээ Мухулайн адил авъяаслаг эрдэмтэй цэргийн жанжин болгоё гэсэн бодолтой түүнд цэргийн эрдэм, монгол ёсоор төр барих арга, Хятад зальт санааг ярьж өгдөг байжээ. Гэвч Тогтох хятад багшийнхаа номыг илүү хичээн үзэж тэр үеийн Монгол сурвалжтан дотроос хамгийн олон номтой, боловсролтой хүн болж чаджээ. Юань улсад Тогтох өдөржин сөхрөн сууж ном уншдаг, номын амтыг мэдэрсэн гэж бахархан ярилцдаг байв. Тогтох 15 настайдаа цэргийн бус номын хүн болно гэж шийдсэнээс Эцэг-хүүгийн хооронд зөрчил үүсч энэ нь улам гүнзгийрчээ.
Нэг өдөр Тогтох эцэг Мазарайд “Өвөг эцгийн бардамнан эзэрхэх нь хэтрэв. Тэрээр эзэн хүртэл уурлан хилэгнэнэ.. Хэрвээ түүнийг дийлэх арга ухаан сийлээд бүтэх бол яах билээ” гэхэд Мазартай хариу өгсөнгүй. Үүнийгээ тэр номын багш Чжифанаас асуув. Тэр “Их үйлийн төлөө төрөл саднаа ч мөхөөж болно. Их түшмэл болж улс гүрэндээ шударга хэрэг үйлдэхээс өөр илүү харамсах зүйл юухан байх билээ” гэлээ. Тогтох хийгээд бүтэхгүй бол яахсан билээ” гэхэд Чжифан хариуд нь “Хийгээд бүтэхгүй бол тэнгэрийн хэрэг биз ээ. Нэг үхвэл эргэж босохгүйд нь юунд харамсана. Үхлээ ч гэсэн үнэнч шударга ул мөрөө бүү баллахтун” гэжээ. Тогтох санаа шулуудан Тогоонтөмөр хаантай хэд хэд уулзаж Баянг цөөн цэрэгтэй хөдөө явуулж байгаад тухтай ярилцсаны эцэст сая нэг өөртөө татаж Баяныг бүх албан тушаалаас нь зайлуулж чаджээ. Ингээд ордноос хөөгдсөн Баян нутгийн дээсэн дээр нэг өвгөнтэй тааралдаж
- Хүү нь эцгээ хөнөөдөг хэргийг та амьдралдаа дуулсан уу? Гэхэд
- Хүү нь эцгээ хороож байсныг сонсоогүй юм байна. Харин түшмэд нь хаанаа хороож байгааг дуулсан гэжээ. Энэ үгийг сонсоод Баян дуугүй морьдоод нутгаа зорьсноос хойш Юань гүрний бодлогод Баяны бодлого илт дутагдах болов. Тогоонтөмөр 1343 онд Ляо, Цинь, Сунь 3 улсын түүх зохиох иж ажлын ерөнхий хянагчаар 29 настай Тогтохыг томилжээ. Тогтох ажил хэргээ дан ганц номын ухаанаар сэтгэдэг, номоос өөр хөрөнгөгүй, түүний эхнэр нь нэртэй уран сийлбэрч байсан гэдэг. Баянгаас хойш Тогоонтөмрийн баруун гарын түшмэл болж Хами, Тайпин, Сослан нар дараалан болж төрд их хямрал гарч 1354 оны 12-р сард Хами Тогтоход хортой архи өгч хороожээ. 42 настай Тогтох үхэхдээ “Миний номыг битгий хүнд өгөхтүн, нандигнан хадгал. Хами түшмэл хаант төрийн алтан аягыг хөмөрсөн нь энэ биз ээ. Би ч бас энэ талаар эвгүй хүний арга ухаанд орж алдсан юм” гэж хэлсэн нь хожимдсон ухаарал байв.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих